Нэгдvгээр бvлэг Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их тамирын хойгуур гарсан замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Нар салхинд гандаж, хир хөлсөнд нэвтэрч урагдсан дээлээ есөн өнгийн юмаар нөхсөн болохоор ямар эдээр хийсэн нь мэдэгдэх аргагүй ажээ. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон цахиур буу хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ дарайсан хуучин хөх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон өтгөн хар хөмсгөн доорхи том гэгчийн дүрлэгэр нүд нь удаан цавчилж, хөлс дааварласан хүрэн нүүрэнд нь урт замын алжаал илэрч, гүн бодолд автагдан хүрлийхийг харвал ядарсан буюу уурласан алин болох нь мэдэгдэмгүй ажээ. Энэ хүн дахин дахин эргэж харан, заримдаа зогсон, ачаагаа засан явсаар оройн нар уулын толгой шүргэх үед замаас гарч голын эрэг чиглэв. Ингээд ногоон зүлгэн дээр очоод буугаа эвтэйхэн гэгч нь авч шийрлэн тавиад, тэргээ буулгаж, морио чөдөрлөн тавив. Тэрэгнийхээ сүүдэрт тавтай завилан суугаад өврөөсөө мод толгой...
Comments
Post a Comment